/Four seasons сэтгүүл/ “Аялал жуулчлалын чиглэлд ажиллаж буй хувь хүн, албан байгууллага, компанийн хувьд гурван эрхэм зорилгыг өмнөө тавьдаг. Тэр нь аюулгүй байдал, байгаль, соёлоо хамгаалах юм. Гадагшаа аяллын санал явуулах, зарлахдаа ч давхар байгаль, түүх, соёлоо хамгаалах асуудлыг тавьдаг” гэж ярих энэ эрхмийг Ш.Нэргүй гэдэг. Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн түүх бичигдсэн 70 жил бүхлээрээ түүнтэй холбогдоно. Учир нь тэр бол Монголын аялал жуулчлалын салбарыг хүүхдээр бол төрөхөөс нь эхлээд хөлд ортол нь өгсөж, бойжуулалцсан нэгэн юм. Үүний зэрэгцээ улс орны хэмжээнд олон шинэлэг зүйл санаачилсан анхдагч, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн хэрэгжүүлж, өвөрмөц арга барил, туршлагыг дэлгэрүүлсэн шилдэг менежер билээ. Ерээд онд Улаанбаатарын гудамжаар зөвхөн Оросын автобус, автомашин явдаг байхад Солонгосоос 15 автобус, 1993 онд Монголд орж ирсэн анхны арав орчим “Бенз” автомашиныг тэр авчирч байв. Мөн 80-90-ээд онд “Кока Кола”, “Панта” ундаа болон анхны том өргөн дэлгэцийг ч оруулж ирсэн анхдагч нь. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай тэр цаг үед гадаадаас валютаар бараа, таваар оруулж ирнэ гэдэг баргийн хүний хийчих ажил биш байв. Энэ тухай ярихдаа тэрээр “Тэр үед үзэл суртлын хувьд нэлээд хаалттай байсан цаг үе. Тэгэхэд бид Монголын анхны валютын дэлгүүрийг нээж, нийслэлчүүдийг ховор нандин бараагаар хангаж байлаа. Өмнөговь аймагт анхны “Кола, “Панта” ундааг Хонгконгоос оруулж ирэхэд хөдөөгийнхөн лаазыг нь аваад давс, сахараа хийж тавьдаг байлаа” хэмээн бидний тэр бүр мэдэхгүй сонирхолтой түүхийг сөхнө. “Эделвайс” зочид буудал барьсан нь жижигхэн хэр нь тэр үеийн үйлчилгээний салбарт нүдийг нь нээсэн үйл явдал байсан гэдгийг салбарынхан нь хэлдэг. Цаашлаад жуулчны баазыг үндэсний хэв шинж, соёл уламжлалыг шингээн байгуулж, сонгодог хэлбэрээр хөгжүүлсэн нь жуулчны бааз-зочид буудлын сүлжээ маягаар ажиллах эхлэлийг тавьсан автор ч түүнийх билээ. Тэрчлэн аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг сурган, бэлтгэж, өнөөдрийн энэ салбарын “акул”-уудыг төрүүлэхэд үнэтэй хувь оруулсан нэгэн юм.
Өдгөө “Нью Жуулчин” группийн ерөнхийлөгч гэдгээрээ олны эчнээ танил болсон Ш.Нэргүй “Цаг хугацаа хурдан юм. Хэдхэн жилийн өмнө сургууль төгсөж, аялал жуулчлал гэдэг их айлын босгоор алхан орж байлаа. 1981-2003 онд Гадаадын аялал жуулчлалын “Жуулчин”нэгтгэл, “Жуулчин” хувьцаат компанид орлогч нягтлан бодогчоос ерөнхий нягтлан бодогч,хэлтсийн дарга, дэд захирал, гүйцэтгэх захирал зэрэг ажил, албыг хашсан. Өнөөдөр энэ салбарт ажиллаад 43 жилийг үджээ. Монголд аялал жуулчлалын салбар үүсэж, хөгжөөд өнөөдөр 70 жилтэйгээ золгож байна” хэмээн бүтээсэн түүхээ бахархан өгүүлнэ.
Тэрээр“Жуулчин” нэгтгэл хувьчлагдсаны дараа “Нью Жуулчин” компаниа 2002 онд нээж, улмаар Монгол улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Тайвань зэрэг гаднын орнуудад өөрийн салбар компаниа байгуулж, аялал жуулчлалын маркетинг, үйлчилгээний сүлжээ бүхий групп болтол нь өргөжүүлжээ.
Өдгөө дэлхийн 23 орны 150 гаруй тур оператор компаниудтай хамтран ажиллаж, жилд дунджаар 10 мянга орчим жуулчдыг хүлээн авч, улсынхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн 40 гаруй улсын 70 орчим чиглэлд гадаад аяллыг тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 5000 гаруй Монгол жуулчдыг дэлхий рүү аялуулж байгаа ажээ.
Түүний эхэнд өгүүлсэнчлэн “Аялал жуулчлалыг байгаль, түүх, соёлтойгоо холбохгүйгээр хол явахгүй. Аюулгүй байдал, байгаль, соёлоо хамгаалах нь бидний эрхэм зорилго” гэдэг хоёр өгүүлбэрээр компанийнх нь алсын хараа, бизнесийн зарчмыг нь төвөггүй ойлгож болно.
Тиймдээ “Нью Жуулчин” групп жуулчдын аюулгүй байдлыг хангах олон улсын стандартыг үйлчилгээндээ нэвтрүүлснээс гадна Монгол соёл уламжлалыг жуулчдад сонирхуулж, нутгийн иргэдийн амьдрал ахуй, зан заншилтай танилцах хөтөлбөрт аяллыг ч нягт төлөвлөн, зохион байгуулж байна.
Мартагдашгүй дурсамж, аюул, эрсдэлгүй, сэтгэл хангалуун, найдвартай үйлчилгээ авах нь хэзээнээсээ л аялагчдын мөрөөдөл байсаар ирсэн. Тэгвэл дэлхийн аяллын хорхойтнуудын энэхүү мөрөөдлийг Монголын аялал жуулчлалын салбарын туг нь болж, түүчээлж ирсэн “Нью Жуулчин” групп биелүүлсээр явааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
“Нью Жуулчин турс” группийн ерөнхийлөгч Ш.Нэргүй