жуулчны хөтөч хүний ур чадвар, мэдлэг, үзэл сурталд ихээхэн анхаарал хандуулж нягт бэлтгэж ирсэн түүхтэй.


Нэгэнтээ дэлхийн талыг эзлэн хөгжлийн түүчээ болж, дэлхий дахинд соёл иргэншлийг шинжлэх ухаантай хамт түгээж явсан Чингисийн Монголчууд анхны жуулчид байсан гэвэл тэдэнд хэн хэлмэрч орчуулагч, хөтөч тайлбарлагч хийж байсан юм бол? Ямар шаардлага шалгуураар сонгогддог байсан болоо?

Найман зууны хойно Социализм, Коммунизмын үзэл сургаалд гүн шүтэж явахдаа ч харийн гүрний зочид гийчдийг Соц орнуудын хүрээнд хязгаарлагдалгүйгээр хүлээн авч Монгол орны Монгол хүний зочломтгой сайхныг таниулахын баталгаа болгож үйлчилгээний салбарын ажилчдыг Болгар, Югаслав, Зүүн Герман, Унгар, Чехсловак, Япон, Куба, Тайвань болон ЗСБНХУ зэрэг улсуудад илгээн бэлтгэж байсны дотор жуулчны хөтөч хүний ур чадвар, мэдлэг, үзэл сурталд ихээхэн анхаарал хандуулж нягт бэлтгэж ирсэн түүхтэй.

Харин энэ уламжлал зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн алдагдсан бөгөөд яг үүнтэй зэрэгцээд чөлөөт ардчилсан Монгол улсад зочлох жуулчдын тоо эрс нэмэгдсэн боловч мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж байсан хөтөч тайлбарлагчид маань харин гэнэт байхгүй болсныг тэр үеийн төр засаг нь ч аялал жуулчлалын компаниуд ч төдийлөн анзаараагүй бизээ.

Сайхан байсан, алтан үе байлаа! Жил жилээр жуулчид нэмэгдэн, энэ салбарынхан маань гадаад валютаар цалинжиж, улс орны эдийн засагт хувь нэмэр болж… гэхдээ энэ асар их том эдийн засгийг хөдөлгөх хүч нь болсон үйлчилгээний салбарын стандарт, ур чадвар, чанар харин ямар байсан юм бол? Тэр дундаа энэ салбарын нүүр царай болсон хөтөч тайлбарлагчид нар маань ямархан түвшинд байсан юм бол? Сэтгэлтэй, төрөлхийн авъяастай, магадгүй “сэргэлэн” голцуу хэдэн нөхдүүд авч явсан жилүүд бий.

Төр засаг ч энэ асуудлыг олж харсан, компаниуд ч мэдэрсэн, салбар маань ч шаардсан тул Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо мэндэлсэн юм. Дэлхийд хөтөч тайлбарлагчдаас ямар стандарт шаарддаг юм яг түүнийг нь хөрсөн дээрээ авчирч нутагшуулсан билээ. Амаргүй байсан, цаг хугацаа их орсон, зөрчилтэй байсан гэхдээ бид анх тавьсан зорилго чигээсээ нэг ч хазайгаагүй эцсийн хүрэх ирээдүйдээ итгэл ердөө алдраагүй. Тооны олонд биш чанарт шүтсэний хүчээр өнөөдөр ур чадвартай, мэдлэгтэй, хөтөч тайлбарлагчид салбарт үлгэр жишээ ажиллаж байна.

Аялал жуулчлал гэдэг энэ аугаа том салбар Монгол улсын эдийн засгийн томоохон хэсэг байх нь төрийн бодлогодоо туссан байдаг. Тэгвэл энэ ирээдүйг биелүүлэх эздийн нэг нь хөтөч тайлбарлагч тэр дундаа мэргэжлийн, ур чадвартай, мэдлэгтэй, сэтгэлтэй хөтөч тайлбарлагч байх юм. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх үйлсэд мөр зэрэгцэн зүтгэж яваа төрийн удирдлагууд, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо, үе үеийн туршлагатай хөтөч тайлбарлагчид, салбарын хувийн хэвшлийнхэн, сургалтын төвүүд хамтдаа хөтөч тайлбарлагчдын үүрэгт ажлыг хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил болгон хуульчилж, хүсэмжит сайхан ажил гэдгийг таниулан сурталчлах зорилгод нэгдэж байна.

Нэгэнтээ дэлхий дайдыг урин залж, хүчирхэг Монгол орноо гайхуулан байсан Чингисийн Монголчууд харийн гүрний ямар ч зочнийг хүлээн авахад нүүр бардам бэлэн болжээ! Дэлхий минь хүмүүс минь дээдсээс улбаатай зочломтгой зангаа найр тавин байж урия дэндүү үзэсгэлэнт сайхан Монгол оронд минь тухлан саатнуу!


Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны Тэргүүн

Б. Мөнхбат