Мэндчилгээ: Аялал жуулчлалын салбарынхандаа 70 жилийн ойн мэнд хүргэе


Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөн түүхт 70 жилийн ойн баярын мэндийг салбарын хамт олондоо халуун дотноор хүргэе! Хүний амьдралтай жишвэл бид ихийг үзэж, дуулж сонссон амьдралын арвин их туршлага хуримтлуулсан ахмад буурал болжээ. Түүхийг өгүүлэх энэ хугацаанд бидэнд ололт амжилт, баяр хөөр, сургамжит үйл явдлуудаас гадна алдаа оноогоо дэнсэлсэн өдрүүд олон тохиосон нь дамжиггүй. Иймээс өнөөдрийн түүхийг бий болгож, хөгжилд хүрэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, гар бие оролцож явсан ахмад буурлууддаа, цуцашгүй мэт оройлон манлайлж яваа ид үеийнхэндээ болон ажлын гараагаа эхэлж байгаа шинэхэн залуус, оюутан сурагчдадаа аялал жуулчлал хэмээх энэ том айлын салшгүй хэсэг болох зочлох үйлчилгээнийхэн тэр дундаа Кемпински Хаан Палас зочид буудлын хамт олныг төлөөлөн 70 жилийн ойн баярын мэнд хүргэе. Дараагийн 70 жилдээ бид өөрсдийн өв уламжлал, ахуй соёл, байгалийн гоо үзэмжээ дэлхий нийтэд сурталчлан таниулж, олон сая жуулчдыг татсан үсрэнгүй хөгжлийн жилүүд байх болтугай хэмээн ерөөл дэлгэн мэндчилж байна.


Кемпински Хаан Палас Зочид Буудлын Ерөнхий Менежер Ц. Тамир