Б.Мөнхбадрал /Ph.D/
(СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, АЖМХ-ны УЗ-ийн гишүүн)
Соёлын аялал жуулчлалын тухай ерөнхий ойлголт, хөгжлийн чиг хандлага
Хүн төрөлхтөн оршин тогтнохын үндсийн үндэс бол соёлын олон төрөл зүйл юм. Улс гүрэн, үндэстэн, угсаатны бүлэг бүр өөр өөрийн өвөрмөц байдлыг илтгэх соёлыг бүтээн хөгжүүлж ирсэн нь өнөөдөр дэлхий ертөнцийн олон талт өнгө төрхийг бүрдүүлж байна. Энэ нь түүхийн урт удаан хугацаанд үндэстэн, угсаатан бүр өөр өөрийн соёлыг хайрлан хамгаалж, өвлөн уламжилж ирсэний гайхамшигтай үр дүн билээ. Орчин үед "даяаршил, дэлхийжилт" гэж бидний нэрлэж байгаа үйл явц орчин цагийн нийтийн соёл, залуусын соёлын төрөл зүйлүүд, урлагийн олон урсгал хүч түрэн орж ирж уламжлалт соёлыг амьдралаас шахаж, оршин тогтнож хөгжих орон зайг нь улам хумьсаар байгаа тухай судлаачид бичиж байна.
Нүүдлийн соёлын арвин их нөөц баялаг, соёлын үнэт өв дурсгал, угсаатны бүлгүүдийн язгуур хэв шинж бүхий өвөрмөц онцлогтой манай орны хувьд соёлын аялал жуулчлалыг тодорхой бодлого, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх асуудал аялал жуулчлалын хөгжилд ихээхэн түлхэц болох юм.
Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орны туршлагаас үзвэл аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх, бага орон зай, тодорхой нэгэн түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц, нутгийн иргэдийн ахуй амьдралын өвөрмөц хэв маягийг хадгалан үлдсэн зүйлс зэрэг өөр хоорондоо уялдаа холбоотой зорих газрыг түшиглэн, дэд бүтэц, эдийн засгийн боломжид суурилсан тогтвортой, хариуцлагатай, нутгийн иргэд болон соёлд ээлтэй аялал жуулчлал, бүтээлч аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна.
Монгол орны аялал жуулчлалын голлох нөөц, бүтээгдэхүүний дүр төрх нь нүүдлийн соёл, соёлын үнэт өвд тулгуурласан соёлын аялал жуулчлал байх нь дамжиггүй бөгөөд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нягт уялдуулах шаардлагатай юм.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, соёлын биет болон биет өвийг хамгаалах бодлого төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, аймаг орон нутгийн бодлого төлөвлөлтийг аялал жуулчлалын салбартай зөв холбох нь энэ цаг үеийн шаардлага болоод байна. Улс, бүс нутаг, аймаг нь тус чиглэлд бие даасан эдийн засгийг бэхжүүлэх, ашиглангаа хамгаалах зарчмыг баримтлаж ажиллах боломжийг эрэлхийлэх, соёлын өв аялал жуулчлалын үйл ажиллагааны харилцан уялдаа холбоо, орон нутгийг чадавхи чадамж, мэргэжлийн төрөлжсөн байгууллагын үүрэг оролцоо, тулгамдаж буй хүчин зүйлс, ирээдүйн чиг хандлагыг зураглан тодорхойлох хэрэгцээ байсаар байна.
Соёлын аялал жуулчлал хэмээх ойлголтын тухайд
Соёлын аливаа үзмэрүүдийн хүрээнд явагдаж буй аялал бүхэн Соёлын аялал жуулчлал юм хэмээн ерөнхийд нь ойлгож болох хэдий ч зарим зүйлийг нарийвчлан ойлгох нь чухал. Аялал жуулчлалын судалгааны бүтээлүүдэд соёлын аялал жуулчлалыг угсаатны соёлыг сонирхох аялал, түүхийн аялал, урлагийн аялал, хот суурин газрын амьдралыг сонирхох аялал гэж ангилсан байх нь бий. Соёлын аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнууд өөр өөрийн онцлогийг тусгасан соёлын аялалыг хөгжүүлж байна. Үүнээс гадна дэлхийн бүхий л улс орнууд өөрийн үндэсний соёл, уламжлал, онцлог байдалд соёлын аялал жуулчлалаар дамжуулан дархлаа тогтоох гэсэн өргөн хүсэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Суурин соёлын удаан түүхгүй, өөрийн язгуур соёлоо хадгалсан улс орнууд даяаршлын үед өөрийн соёлоо хамгаалж үлдэх хамгийн том арга зам бол соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал гэдэгтэй санал нэгдэж байна. Тиймээс ч улс орнууд өөрсдийн язгуур соёл, түүний өвөрмөц илрэлийг аяллын бүтээгдэхүүн болгохдоо жуулчдад ойлгомжтой, хүртээмжтэй, өөриймсөг, жинхэнэ мөн чанараар нь хүргэхийг урьтал болгож түүндээ санхүү, эд материал, хүн хүчний нөөцийг хангалттай зориулж эцсийн үр дүндээ жуулчид тэдний соёлыг гайхан биширч, хүндлэх хандлагыг хүлээж байдаг. Гэсэн хэдий ч соёлын аялал жуулчлал нь бие даасан аяллын төрөл болон хурдацтайгаар хөгжиж буйг харгалзан энэ төрлийн аялал жуулчлалыг судлан тодорхойлох зайлшгүй шаардлага гарч байна. Соёлын аялал жуулчлал бол тухайн улс дотор төдийгүй олон улсын хоорондох “соёлын солилцооны хамгийн чухал хэрэгсэл” гэж Олон улсын соёлын аялал жуулчлалын дүрэмд тодорхойлсон байдаг.
Соёлын аялал жуулчлалаар аялагчдын гол зорилго нь амьдралын зан заншил, ялгаатай хэв маягийг судалж, суралцаж, өвөрмөц онцлог бүхий соёл, зан заншилтай танилцах асуудал байдаг.
Соёлын аялал жуулчлалыг судлаачид олон янзаар, дараах байдлаар тодорхойлсон байдаг. Тэдгээрийн голлох байр суурийг авч үзье.
Дэлхийд танигдсан аялал жуулчлал судлаачдын эдгээр үзэл хандлага нь соёлын өвийн олон талт байдалд түшиглэсэн байх бөгөөд өөр хоорондоо зарчмын гэх зөрүү багатай байгааг эндээс анзаарч болно.
Монгол улсын аялал жуулчлал судлаачдын хувьд соёлын аялал жуулчлалыг хэд хэдн янзаар тодорхойлсноос дурдвал:
Эдгээр тодорхойлолтуудыг харахад дараах нийтлэг тал ажиглагдаж байна.
Энэ бүгдээс харахад соёлын аялал жуулчлал нь “зочин соёл” (жуулчны өвлөн уламжилсан соёл)-ын жуулчин “эзэн соёл” (жуулчны сонирхон зорьж ирсэн соёл)-ын орчинд аялахдаа уг соёлыг хэрэглэх, мэдрэх, хүлээн авах үйл ажиллагаа бөгөөд энэ нь тухайн ард түмний соёл, зан заншил, үнэлэмж, үнэт зүйлс аялал жуулчлалын эргэлтэнд орсноор жуулчдын хүртээл болох үйл явц гэж ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл соёлын аялал жуулчлал гэдэг нь хүмүүний соёл, танин мэдэхүйн эрэлт хэрэгцээнд түшиглэсэн хоёр болон түүнээс олон соёл идэвхитэй харилцаанд орох үйл явц мөн гэж үзэж болно
Соёлын аялал жуулчлалыг зөвхөн байгалийн болон соёлын нөөц баялгийг үзэж сонирхох төдийхнөөр хязгаарлах бус, тэдгээрийг хүлээн авч мэдэх, мэдрэх, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, аялал жуулчлалыг орчин үеийн дэлхий нийтийн стандартад нийцүүлэн зохион байгуулах үйл ажиллагааны арга технологийг багтаасан аялал жуулчлалын үйлдвэрлэл гэдэг өргөн утгаар ойлгох болжээ.
Соёлын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага
“Соёлын аялал жуулчлал” хэмээх нэр томъёо аялал жуулчлалын үйлдвэрлэлийн нэг төрөл гэхээсээ илүү, амьдралын чанар, шинэ хэв маяг, шинж төрх, ертөнцийг үзэхүйн шинэ хандлагын үйлдвэрлэлийн технологи гэх утгаар давамгайлан хөгжөөд багагүй хугацааг өнгөрөөсөн. Тийм ч учраас соёлын аялал жуулчлалын ерөнхий бүтэц нь нэг талаас соёлын зорилгоор хийж буй аялал жуулчлал, нөгөө талаас орчин үеийн дэлхий нийтийн аялал жуулчлалын стандартад нийцсэн соёлтой үйлчилгээний технологи, байгалийн болон соёлын өвийг нийтийн хүртээл болгох арга зүйгээр тодорхойлогдож байна. Энэхүү технологийг чанд мөрдөж, дэд бүтцийн хөгжилд гойд анхаарах нь соёлын аялал жуулчлалын гол онцлог юм.
Ерөөс үндэсний соёлын өвөрмөц байдлыг аялал жуулчлалын нөөц болгон ашиглаж, түүнийг арилжааны үндсэн зорилгоо болгох арга замыг эрэлхийлэх ялдамд жуулчин болгоныг соёл судлаач, соёлын өвөрмөцийг нээгч болгон төлөвшүүлэхэд соёлын аялал жуулчлалын үндсэн зорилго оршино.
Жуулчид өөрсдөө оролцож, хамтран гүйцэтгэж, оюун ухаанаа тэлж, улмаар дэлхийн иргэний соёлыг даяаршуулах үйл явц эрчимжиж, уламжлалт соёлын аялал жуулчлал нь бүтээлч соёлын аялал жуулчлал болон хөгжих хандлагатай байна
Даяаршлын үеийн эдийн засгийн эмзэг байдал, хот, бүс нутгийн нөөц болон асар хурдацтай өрсөлдөөний хооронд энэ зуунд соёлын аялал жуулчлалын хөгжлийн шийдвэрлэх цаг үе тохиолдож байна. Судлаач Турок: “Олон улсууд өөрсдийн өрсөлдөх чадвар, давуу талаа тодорхойлж, сонирхол татахыг оролдсоноор тоглоомд хожих нэг түлхүүр болно” гэжээ.Түүний зөвлөгөөг судалсан зарим улсууд ижил төстэй стратеги боловсруулан томоохон хөшөө баримлууд босгон, соёлын өвийн дурсгалуудаа эвент жуулчлалын нөөц болгон ашиглаж байна. Гэвч соёлыг хуулбарлан, дуурайн үзүүлэх нь соёлын аялал жуулчлалын хөгжлийг бүрэн хангаж чадах нь эргэлзээтэй юм. Соёлын өв дангаараа үзмэр хэлбэрээр аялал жуулчлалд хангалтгүй бөгөөд ямар ч тохиолдолд бүтээлч байдал шаардлагатай байгааг олон улс хүлээн зөвшөөрч байна. Хүмүүсийн эрэлт, хэрэгцээ өөрчлөгдөж сэдэвчилсэн парк, музей, шоппинг буюу дэлгүүр хэсэх аялал, бэлтгэсэн тоглолт мэт аялал хийхээс илүүтэйгээр сурч мэдсэн, таниж ойлгосон, өөрийн биеээр эзэмших чиглэлд хандаж байна. Үйлдвэрийн аргаар хийсэн бүтээл нь хэрэглэгчдийн өөрсдийн гараар бүтээсэн бүтээлээс үнэ цэнийн хувьд илүү гарах нь эргэлзээтэй байдаг тул энэ эдийн засгийн давуу нөхцлийг үүсгэх хандлага бий. Туршлага олгох бүтээгдэхүүн нь өндөр мэдрэмжтэйгээр хувьсаж буй энэ зууны аялал жуулчлалын талбар болон соёлын хөгжилд давамгайлж байна. Өвөрмөц бүтээлч туршлагад суурилсан эрэлт нэмэгдэх нь илт байгаа тул үйлдвэрлэгчид соргогоор мэдэрч тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох хэрэгтэй.
“Бүтээлч зэрэглэл”-д багтах бүтээлч ажил, арга хэмжээ, бүтээлч илэрхийллээр туршлагыг бий болгоно.Бүтээлч зэрэглэл нь хүрээлэн буй орчны “зөөлөн” бүтээгдэхүүнүүд, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн хийсэн үзмэр болон тэдний бүтээсэн орон зай юм. “Бүтээлч” хэмээх ойлголт бараг амны уншлага болсон цагт эрэлт хэрэгцээ болон үйлдвэрлэл тогтворжино хэмээн судлаачид дүгнэсээр удаж байна. Хотууд жуулчид болон байнгын оршин суугчдад зориулсан үзмэрүүдээ бүтээлч зэрэглэлд оруулахыг эрмэлзэх хэрэгтэй. XXI зуунаас дэлхий даяар бүтээлч сэтгэлгээ, бүтээлч үйлдвэрлэлийн талаар хүчтэй яригдах болсноор аялал жуулчлалын салбар мөн “бүтээлч” байх шаардлага урган гарсан. Аялал жуулчлал дахь бүтээлч туршлагын эрэлтийг нэмэгдүүлснээр эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тогтворжих магадлал ихсэнэ. Тиймээс олон улсын соёлын аялал жуулчлалын зах зээлд өөрийн өнгө төрхтэйгөөр гарч ирж буй цоо шинэ төрөл бол Бүтээлч аялал жуулчлал юм. Учир нь үйлдвэрлэгчдээс бэлэн бүтээгдэхүүн авах /анхдагч үр дүн/ нь хэрэглэгчдэд чухал биш бөгөөд тэд өөрийн хувь нэмрийг оруулж “хамтын бүтээл” бий болгохыг /хоёрдогч бүтээлч үр дүн/ хүсэх болсон гэх зэргээр бүтээлч аялал жуулчлал хэмээх шинэ нэр томъёоны талаар 2000 онд Ричардс, Рэймонд нар анх бичиж, тодорхойлсон. Ричардс соёлын аялал жуулчлалыг төлөвлөх, хөгжүүлэхэд бүтээлч сэтгэлгээний ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Бүтээлч аялал жуулчлал нь соёлын аялал жуулчлалыг интерактив хэлбэрт оруулах шинэ арга замыг санал болгосон. Энэ утгаараа Ричардс, Виллсон нарын “Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” өгүүллэгт тодорхойлсноор соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хүндрэлтэй байдлыг арилгахын тулд аяллын зорих газар, баяр наадам, соёлын үйл явдал, музей, соёлын өвийн интерактив үүргийг бий болгож, жуулчид болон нутгийн иргэдийн хоорондох харилцаа хийгээд оролцоог илүү сайжруулан зохион байгуулах нь соёлын өвд учрах элдэв эрсдлээс зайлхийх бүтээлч хийгээд бэлгэдлийн чухал ач холбогдолтой болох юм. Уламжлалт соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги, хєгжлийн үйл явц нь соёлын нөөцөөс бүрддэг бөгөөд ихэвчлэн олдвор, барилга байгууламж, музей, хөшөө дурсгалд суурилах нь элбэг. Харин бүтээлч аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нийгмийн бүхий л давхаргаас, орон нутгийн ур чадварыг бүртгэхээс эхэлдэг бөгөөд илүү бодит хандлагыг шаарддаг
Жуулчин буюу хэрэглэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчдийн хамтын ажиллагааг нутгийн оршин суугчдын ур чадвараар дэмжиж бий болгох тус аялал нь өөрийн биеэр үнэт зүйл, уран бүтээлийг туурвидаг, жуулчны сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг “зөөлөн” шинжтэй аялал жуулчлалын төрөл юм. Соёлын аялал жуулчлал нь хэт явцуу болсон Европ тив бүтээлч аяллыг хөгжүүлж аялал жуулчлалын салбараа шинэ өнгө төрхтэй болгохыг сүүлийн жилүүдэд эрчимтэй оролдож байгаа билээ. Тэгвэл бүтээлч аялал жуулчлалыг судлаач эрдэмтэд болон олон улсын байгууллагууд хэрхэн тодорхойлсныг авч үзвэл:
Бүтээлч аялал жуулчлалын сүлжээ олон улсын байгууллагаас тодорхойлохдоо: “Бүтээлч аялал жуулчлал нь соёлын аялал жуулчлалтай шууд холбоотой бөгөөд бүтээлч үйлчлүүлэгчид болон орон нутгийн иргэдийг хооронд нь холбох боломжийг олгодог. Эцэст нь, бүтээлч аялал жуулчлал нь жинхэнэ, өвөрмөц орон нутгийн туршлага, уран сайхны болон соёлын мэдлэгийн солилцоонд үндэслэсэн идэвхтэй оролцоог хангадаг гэх зэргээр товч бөгөөд ойлгомжтой тодорхойлсныг Монголын хөрсөнд буулгаж, судалгаа болон аялал жуулчлалын зах зээлд нэвтрүүлэх нь нэн чухал байна.
Дээрх тодорхойлолтуудаас соёлын аялал жуулчлалын уламжлалт хэлбэрт чухал өөрчлөлт орж буйг, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /идэвхитэй оролцоог хөгжүүлэх бүтээлч нөөцийг бий болгогч/, жуулчдын /очсон газартаа бүтээлчээр мэдлэг эзэмшигч хэн нэгэн/ харилцан эрх тэгш бүтээлч үүрэг бий болж байгааг харж болно. Бүтээлч аялал жуулчлалын үндэс суурь нь уламжлалт соёл, хүн ардын авъяас, ур чадвар, соёлын биет бус өв байдаг учир энэ байдал нь нүүдлийн уламжлалт соёлтой Монголын хувьд тохиромжтой аялал юм