Аялал жуулчлалын салбар сэргэлтийн цэг дээрээ ирлээ


Аялал жуулчлалын салбар ковидын үеэр хамгийн их өртөж олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, дампуурлаа зарлав. Дэлхий даяар 2020-22 онд 60 сая хүн ажилгүй болоход ази тив дангаараа 34 сая хүн ажилгүй болж аяллын компаниуд цар тахалд бууж өгсөн. Аялал жуулчлал гэсэн ерөнхий нэртэй боловч улс орны зочлох үйлчилгээ, худалдаа арилжаа, зам тээвэр, харилцаа холбоо, хоол үйлдвэрлэл, нутгийн иргэд гээд олон салбарыг өөртөө нэгтгэж зангидаж чаддаг эдийн засгийн чухал тойрог юм . Энэ утгаараа улс орнууд байгалийн баялгаа гадагшаа экспортлохоосоо илүү өөрийн орон нутгийг үзүүлээд валютын орлого олохыг чухалд үздэг.

Манай улсын аялал жуулчлалын салбар 2023 онд 651061 жуулчин хүлээж авснаараа цар тахлаас хойш хамгийн хурдан сэргэсэн орнуудын тоонд орсон. Мөн 2024 онд олон оронд борлуулагддаг ”Lonely Planet” аас  хамгийн хүсэмжит орны нэгт орсон нь энэ жилийн хамгийн сайхан үйл явдлуудын нэг байлаа.

Манай орны аялал жуулчлалын салбар нь өөрөө унаган байгальд тулгуурласан, хил хязгааргүй уудам сайхан газар нутагт тулгуурласан адал явдалт аялалд илүү тохирсон байдаг тул жуулчдын үзэх , сонирхох хэрэгцээг хангаж чаддаг.

Хамгийн гол нь энэхүү байгальдаа дасан зохицож амьдарч ирсэн олон зуун жилийн түүхтэй нүүдэлчдийн ахуйд тулгуурласан амьдралын хэв маягаа бид тогтвортой аялал жуулчлалынхаа үндэс суурь гэж хардаг тул аяллын бүтээгдэхүүн төлөвлөлтийн хувьд адал явдал, соёл, түүх, шинжлэх ухааны гээд төрөл бүрийн сэдвийг хамарч чаддагаараа бусад орноос давуу ондоошилтой юм.

Цар тахал нүүрлээд аж ахуйн нэгж байгууллагуудын хүч хөрөнгө дутсан, аялагчдын сэтгэл зүй айдас хүйдэстэй үед бид засгийн газрын зоригтой шийдмэг алхмуудын ачаар хилээ нээж чадсанаар эдийн засагтаа 1,3 тэрбум долларыг оруулж чадлаа.

Энэ оны 5 сард ирсэн олон улсын дижитал контент бүтээгчдийн зах зээл дээр амжилттай яваа НАС ДЭЙЛИ ийн хийсэн ноолуурны тухай богино бичлэг хэдхэн цагийн дотор 13 сая хүнд хүрлээ. Үйлдвэрлэх нь чухал ч түүнийгээ бид бусдад түгээх нь чухал гэдгийг энэхүү богино бичлэг бидэнд харуулж чадсан. Улс орнууд аялал жуулчлалаараа дамжуулж эх орны үйлдвэрлэлээ сурталчилж, тэдэнд хандсан хэрэглээг бий болгохыг эрмэлздэг. Ийм утгаараа энэ салбарынхан бүгд нөлөөлөгч болж өгдөг байна.

Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бид өөрийн орны хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд дараах хэд хэдэн стратегийг тухайн үед буюу 2022 оны 03 сард шинээр томилогдсон ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулж байв. Энэ уулзалтын хүрээнд засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах шийдвэрийг шуурхай гаргаж дараах асуудлуудыг шийдэж өглөө.

1.     Засгийн газарт агаарын тээврийн либериалчлалыг ойлгуулах, нислэгийн тоо давтамж зэргийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан. Нислэг үйлдэж буй авиа компаниудын 40 гаруй тооны нислэг хүлээн авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 60 гаруй тооны нислэг өдөртөө хүлээн авч байна. Шууд нислэгтэй орнуудын агаарын тээврийн компаниудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 4-5 цагийн радиус доторх нислэгүүдийн тоог нэмэгдүүлэв.

2.     Жуулчин ангиллын визний хөнгөлөлтийг 36 орон болгож хэлэлцээр хийж өгөв.

3.     Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг үндэсний компанит ажил болгож олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын судалгаанд үндэслэн “Go Mongolia“ өөдөө тэмүүлэх Монгол гэсэн үндэсний брэндингтэй болов.

4.     Аялал жуулчлалын тухай хуулийг үндсээр нь өөрчилж салбарын харилцаанд оролцогчдын эрх зүйн хүрээг тодорхой болгож, харилцааг зохицуулах чадамжтай эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгож өгөв. Тус хуулиар хил орчмын аялал жуулчлал, отоглох цэг, аялал жуулчлалын бүсчлэл гэсэн томоохон бодлогын шинж чанартай өөрчлөлтүүдийг оруулж өгсөн бөгөөд салбарын бизнес эрхлэгч нарыг татварын хөнгөлөлт, урамшуулалд хамруулж бодлогоор дэмжив. Мөн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг цэгцэлж нэгдсэн нэг дээвэр байгууллагад зангидаж бодлогоо тодорхойлох эрх зүйн үндсийг хуульчилж өгсөн бөгөөд төрөөс хараат бус бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах эрхийг бодлогоор хангаж өгөв.

5.     Тус салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлохдоо эрэлттэй ажил мэргэжлийн жагсаалтанд оруулсан нь төрөөс анхаарсан дараагийн нэг алхам болсон. Мөн БНСУ ын KTO байгууллагатай хамтран зочлох үйлчилгээний сургалтын байрыг барьж эхэлснээрээ жилийн 4 улирлын туршид хүний нөөцөө бэлдэх боломжийг салбарт олгож байна.

Цаашид бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд ямар бодлого баримтлах вэ?

Салбарын үр өгөөжөө засгийн газар болон олон нийтэд ойлгуулахын тулд нээлттэй, шударга тогтолцоог бүрдүүлэн ажиллах шаардлагатай байгаа юм. “Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо” Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь аяллын төрөл зүйл, зах зээлийн онцлогоор ялгарсан салбар холбоодуудаар дамжуулан удаан хугацаанд тогтмол ирэх жуулчдын урсгалыг аль оронд илүүтэй бий болгох дээр зах зээлийн судалгаануудыг хийж эхэлсний үр дүн юм.

Энэ жилийн хувьд ОХУ ын дайны нөхцөл байдалтай холбоотойгоор дамжин өнгөрөх нислэгийн хүртээмжийн асуудлаас болон илүүтэйгээр хөрш болон зүүн өмнөд азийн орнууд руу түлхүү сурталчилгааг идэвхжүүлэн ажиллалаа. Тухайлбал монгол оронд ирдэг жуулчны тоогоороо 1. ОХУ, 2. БНХАУ, 3. БНСУ орж байна.

Идэвхжүүлэлтийн стратегийг мэргэжлийнхэн төлөвлөдөг болж уламжлалт баруун европын орнуудаас гадна МИАТ , АЕРО МОНГОЛИА, ХҮННҮ ЭЙР зэрэг үндэсний авиа компаниудтайгаа хамтран шууд нислэгтэй Тайланд, Вьетнам, Хон Конг, Хятадын томоохон хотууд, БНСУ, Япон зэрэг орнуудад сурталчилгааг идэвхжүүлж B2B уулзалтуудыг ГХЯ , ЭСЯ, консулын газруудтайгаа амтран зохион байгуулж эхэлсэн.

Мөн зүүн өмнөд азийн урсгал дээр ажиглагдаж байгаа нэг зүйл нь харилцан зорчих урсгал байгаа тул улирлын хамаарлыг бууруулахад маш дэмтэй байна. Өвлийн аялал жуулчлалын газрын зурагт Монгол улс энэ жил Геннисийн рекордыг хамгийн олон хүн нэг цагт гулгасан рекордоор эвдэх зорилготой “Мазаалай өвлийн мөс”-ний фестивалаар орсон.

Аялал жуулчлалын салбар ийнхүү сэргэлтийг авч байгаа нь улстөрийн манлайлалтай бас холбоотой байна. Тухайлбал засгийн газрын кабинетийн зарчим болон Аялал Жуулчлалын Тухай Хуулийн 4 дүгээр бүлгийн 20 дугаар зүйлд заасан Аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хороог ерөнхий сайд өөрөө ахалдаг байх нь бодлогын баримт бичгүүдийг бодит ажил хэрэг болоход дэмжлэг болж чадаж байна.

Мөн энэ жилийн онцлох үйл явдал “Ногоон хөрөнгө оруулалт” ын үндэсний чуулган, гадаадын хөрөнгө оруулагч нарыг оролцуулсан “TOURISM WEEK”  чуулган зэрэг томоохон арга хэмжээгээр энэ салбарт төрөөс баримтлах бодлого, стратегийг танилцуулж гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг энэ салбарт татах таатай орчныг бүрдүүлэхийн тулд мэдээлэл өгсөн томоохон үйл явдлууд болж өнгөрлөө.

Аялал жуулчлалын бүсүүдээ тодорхойлоод тэнд амралт зугаалгын томоохон цогцолборын бүтээн байгуулалтыг төлөвлөн зарлахаас гадна гадны сүлжээ буудлууд баригдаж эхэлбэл тэр хэмжээгээрээ танигдалт, сэтгэл ханамж нэмэгдэж үйлчилгээний чанар сайжирч бүс нутгийн эдийн засагт ажлын байр нэмэгдэж, орлого өсөх юм. Дотоодын “Ара” өвлийн аялал жуулчлалын фестивал, “Хөх сувд” мөсний баяр, “Плэй тайм”, “ Hi pay “ Морин уралдаан зэрэг брэндүүд бий болсноор аялагчдын сэтгэл ханамж, эдийн засгийн эргэлтүүд орон нутаг руу шилжсэн үйл явдлууд байлаа.

Мөн аялал жуулчлалын салбарыг технологийн салбарын хөгжилтэй уялдуулж гадна дотны жуулчдад зориулсан амар хялбар шийдлүүдийг манай залуусын давлагаа оруулж ирснээр илүү хүртээмжтэй ойлгомжтой платформуудтай болж байна. Такси үйлчилгээний компани хүртэл англи хэлтэй жолооч нарын үйлчилгээг нэвтрүүлж байгаа бол аймгуудын үйлчилгээний газрууд, үзэсгэлэнт газруудын мэдээлэл зэргийг бас давхар шийдэж байна.

Аялал бол амьдралын нэгээхэн хэсэг тул хүмүүс аялахад зориулж хуримтлал үүсгэдэг болж байгаа нь манай улсын иргэдийн хувьд шинэ соёл дадалд суралцаж байгаа томоохон хандлагын өөрчлөлт юм.

Аялал жуулчлалын салбарыг дагаад зам тээвэр, дэд бүтэц, соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд олон салбар ажлын байр бий болгож байдаг тул цаашдаа кабинетийн зарчмаар нэг нэгэндээ бодлогын дэмжлэг үзүүлдэг байх нь манай улсын эдийн засагт үнэхээр үр ашигтай тогтолцоог бэхжүүлж өгч байна. 


Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ -ийн Гүйцэтгэх захирал М. Нарангэрэл