АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ


Засгийн газрын 2023 оны 10 дугаар

 сарын 18-ны өдрийн 384 дүгээр

       тогтоолын хавсралт

 

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар Аялал жуулчлалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо (цаашид "Үндэсний хороо" гэх)-ны үйл ажиллагааг зохицуулна.

1.2.Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа Аялал жуулчлалын тухай хууль бусад хууль тогтоомж болон энэ журмыг удирдлага болгоно.

1.3.Үндэсний хороо нь тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

Хоёр.Үндэсний хорооны чиг үүрэг

2.1.Үндэсний хороо Аялал жуулчлалын тухай хуулийн 20.1.1-20.1.4-т заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

      2.1.1.аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлаар санал гаргах;

      2.1.2.Монгол Улсыг бусад улсад сурталчлах үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар удирдах;

      2.1.3.аялал жуулчлалын асуудлаар салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

    2.1.4.иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

 

Гурав.Үндэсний хорооны бүрэлдэхүүн,

зохион байгуулалт

 3.1.Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд байгаль орчин, аялал жуулчлал, төсөв, санхүү, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, гадаад харилцаа, хууль зүй, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон тус бүр нэг, Аялал жуулчлалын тухай хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс санал болгосон тав, нийт 14 орон тооны бус гишүүнээс бүрдэнэ. 

  3.2.Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дэд дарга нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. 

3.3.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааныг танхимаар хийх бөгөөд шаардлагатай бол цахимаар хийж болно.

3.4.Үндэсний хорооны ээлжит хуралдааныг сар тутам хийнэ. Үндэсний хорооны даргын санаачилгаар, эсхүл Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

3.5.Үндэсний хорооны хуралдааныг Үндэсний хорооны даргын санаачилгаар төрийн болон нутгийн захиргаа, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулж өргөтгөн зохион байгуулж болно.

3.6.Үндэсний хорооны нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

3.7.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

3.8.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, зөвлөмж, санал, дүгнэлт гаргах бөгөөд түүнд Үндэсний хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тамга дарна.

3.9.Үндэсний хорооны хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, тэмдэглэлд Үндэсний хорооны дарга, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

3.10.Үндэсний хорооны хуралдааны дэгийг Үндэсний хороо батална.

3.11.Үндэсний хороо нь чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

 

Дөрөв.Үндэсний хорооны дарга,

гишүүний эрх, үүрэг

4.1.Үндэсний хорооны дарга дараах эрх, үүрэгтэй:

      4.1.1.Үндэсний хорооны ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталж, хуралдааныг товлох, даргалах;

    4.1.2.Үндэсний хорооны гишүүн, албан тушаалтанд холбогдох үүрэг, даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих, хангалтгүй биелүүлсэн гишүүн, албан тушаалтанд хариуцлага тооцох талаар эрх бүхий этгээдэд санал хүргүүлэх;

      4.1.3.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлын биелэлтийг хангуулах зорилгоор Ажлын хэсэг байгуулах;

      4.1.4.хуульд заасан бусад эрх.

4.2.Үндэсний хорооны гишүүн дараах эрх, үүрэгтэй:

  4.2.1.Үндэсний хорооны хуралдаанд биечлэн оролцож, шийдвэрлэх асуудлаар санал оруулах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд ажлын албанд албан ёсоор мэдэгдэж, хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр санал өгөх;

      4.2.2.Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүн, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах, хариуцсан чиглэлийн дагуу зөвлөгөө өгөх, тавьсан санал, хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, Үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах, түүнд хяналт тавих;

      4.2.3.Үндэсний хорооны даргаас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх, тайланг Үндэсний хороонд тайлагнах;

      4.2.4.хариуцсан чиглэлийн дагуу Үндэсний хороонд холбогдох мэдээ, тайлан, статистик тоо баримт гаргаж өгөх.

4.3.Үндэсний хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг дэд дарга хэрэгжүүлнэ.

 

Тав.Үндэсний хорооны ажлын алба

5.1.Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг ажлын алба хариуцан гүйцэтгэнэ. Ажлын алба нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

5.2.Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын батлагдсан төсвөөс санхүүжүүлнэ.

5.3.Үндэсний хорооны Ажлын албаны даргыг Үндэсний хорооны даргын санал болгосноор Үндэсний хорооны хуралдаанаас томилж, чөлөөлнө.

5.4.Ажлын албаны дарга Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн ажлын албаны ажилтнуудыг томилж, чөлөөлнө.

5.5.Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

      5.5.1.Үндэсний хорооны жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;

     5.5.2.Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлаар хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

      5.5.3.Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх асуудлын материалыг холбогдох журмын дагуу бэлтгэх;

      5.5.4.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргаж Үндэсний хорооны даргаар батлуулах, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

      5.5.5.Үндэсний хорооны дарга, дэд дарга, гишүүдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

      5.5.6.Үндэсний хорооны үйл ажиллагаанд шаардагдах тайлан, мэдээ, статистик тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, бэлтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх;

      5.5.7.Үндэсний хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх;

      5.5.8.Үндэсний хорооны хуралдааныг зохион байгуулах бэлтгэл хангах, шийдвэрийг албажуулан гаргаж, гишүүд, холбогдох байгууллагад хүргүүлэх;

      5.5.9.Үндэсний хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах;

      5.5.10.Үндэсний хорооны албан хэрэг хөтлөлтийг зохих журмын дагуу эрхлэх, хадгалах, хамгаалах асуудлыг хариуцах.

 

Зургаа.Бусад зүйл

6.1.Үндэсний хороо нь монгол, англи хэлээр өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай мэдээллийг харуулсан албан ёсны цахим хуудастай байж болно.

6.2.Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотой төрийн болон албаны нууцад хамаарах асуудлыг задруулах, хуралдааны шийдвэр баталгаажих хүртэл аливаа мэдээллийг бусдад тараахыг хориглоно.

6.3.Үндэсний хорооноос гаргасан шийдвэрийг төрийн бусад байгууллага холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг хангах чиглэлээр дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах, ажлын уялдаа холбоог хангаж хамтран ажиллах үүрэгтэй.

6.4.Үндэсний хороо нь тухайн жилийн үйл ажиллагааныхаа тайланг дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

 

Долоо.Хариуцлага

7.1.Энэ журмыг зөрчсөн буруутай төрийн албан хаагчид хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


Эх сурвалж https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960553821651&showType=1


---o0o---