Skip links

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ сарын 27-нд тэмдэглэнэ

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг манай улс “Хүртээмжтэй өсөлтийн төлөөх аялал жуулчлал” уриан дор энэ сарын 27-нд орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.
1979 оны 9 дүгээр сард Испанийн Торремолинас хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн III чуулганаас энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэж, 1980 оноос тэмдэглэж эхэлсэн. Манай улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болсон бөгөөд 2007 оноос салбарын хэмжээнд тогтмол тэмдэглэж ирсэн юм.
Энэ жилийн хувьд уг өдрийг угтаж ХБНГУ-ын Элчин сайдын яамтай хамтарсан “Аялал жуулчлал ба орон нутаг” цахим сургалт явуулах, орон нутаг дахь байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, зочлох үйлчилгээний үндэсний хэмжээний сургагч багш нарт батламж гардуулах, Монгол орныг олон улсад төлөөлөх бэлгэ тэмдгийн уралдаан зарлах, явган аяллын олон улсын фестиваль зохиох, аялал жуулчлалын сэтгүүлчдийн клубийг албан ёсоор нээхийн зэрэгцээ аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн анхдугаар цахим зөвлөгөөн, “Гранд тур-2021” оюутны эрдэм шинжилгээний бага хурал, “Horeca Mongolia conference” зочлох үйлчилгээний салбарын уулзалт, “UB food” фестиваль, “Уухай” олон улсын шагайн харваа, аялал жуулчлалын цахим номын сангийн нээлт зэрэг арга хэмжээг зохион явуулна.
Дээрх ажлыг БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв ААТТӨҮГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Зочид буудлын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Leave a comment