
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилга дор зохион байгуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 14-нд “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж, шар түвшинд шилжсэн болохыг онцоллоо. Ингэснээр Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсон. Харин жуулчдыг хүлээж авахдаа ямар нэг хүнд суртал, хүлээлт үүсгэлгүй хүлээж авахыг салбарын яамдад чиг үүрэг болгосон гэв.

Энэхүү хэлэлцүүлэгт БОАЖЯ, ГХЯ, ЗТХЯ, Эрүүл мэндийн яам, Соёлын яам, Дэлхийн банк болон мэргэжлийн холбоодын нийт 250 гаруй төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийг Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулахдаа салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нийгмийн шинж чанартай түгжээ гацааг мултлах зэрэг бодит үр дүнд хүрэхүйц түвшинд талуудын оролцоог хангасан байдлаар зохион байгууллаа.
