“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ААТТӨҮГ, Аялал жуулчлалын ур чадварын МСҮТ хамтран 2022 оны тавдугаар сарын 2-14-ний өдрүүдэд зохион байгуулсан “Солонгос хэлний аяллын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт”-ыг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд энэ сарын 16-нд сертификат гардуулах ёслол боллоо.
Энэ үеэр Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нийт төгсөгчдөд хандаж баяр хүргээд, цаашдынх нь ажилд амжилт хүссэн юм. Мөн энэхүү сургалтад хамрагдсанаар олон төрлийн мэдлэг ойлголт авсан гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ энэ жилийн хувьд хамгийн эрэлт өндөртэй байгаа зах зээл бол Азийн, тэр дундаа Солонгосын зах зээл болохыг онцолсон. Түүнчлэн Солонгосын зах зээлд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тур-оператур компаниудын төлөөллүүд ирж, төгсөгчдийг ажлын ярилцлагад хамруулав.