Аялал жуулчлалын хөгжлийн төв нь БНСУ-ын иргэн Пак Бён Үктэй хамтарч солонгос, англи хэлний хөтөч нарт зориулсан “Mongolia Nomadic by Nature” номыг бүтээн, уншигч хэрэглэгчдийн гарт хүргэхэд бэлэн боллоо.

Хөтөч тайлбарлагчаар ажиллах үед Монгол орныхоо талаар мэддэг чаддаг гэх бүхнээ гаднын аялагч жуулчдад тайлбарлахад хүндрэлтэй үе бишгүй тохиолддог. Иймд тэрхүү хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдлыг даван туулах явцыг хялбаршуулах үүднээс уг номыг бүтээсэн байна.
Пак Бён Үк нь 1991 оноос манай улсад ажиллаж амьдарч буй нэгэн. Тэрбээр 1997 онд МУИС-д Монгол хэл, уран зохиолын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. 1997 онд МУИС-ийн Солонгос хэлний тэнхимд олон жил ажилласан туршлагатай.
Зохиогч 31 жилийн хугацаанд өөрийн үзэж харсан, судалсан зүйлсээ түүвэрлэн Солонгос хэлний хөтөч тайлбарлагчдад төдийгүй тус улсаас Монгол орныг зорин ирж буй жуулчдад зориулж энэхүү номын бичсэн аж.