Skip links

Бага оврын агаарын хөлгийг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх боломжийг танилцуулав

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Иргэний нисэхийн үндэсний төв, Ерөнхий зориулалтын нисэхийн алба хамтран тавдугаар сарын 12-нд “Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааг танилцуулах уулзалт”-ыг цахимаар зохион байгууллаа. Энэ үеэр Ерөнхий зориулалтын нисэхийн албаны дарга Г.Цолмон Ерөнхий зориулалтын нисэхийн дэлхийн чиг хандлага, үүрэг чиглэл, бага оврын агаарын хөлгийг Монголын нөхцөлд аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх боломжийг танилцуулсан илтгэл тавив. Ерөнхий зориулалтын нисэх нь АНУ-ын эдийн засагт 247 тэрбум ам.долларыг төвлөрүүлж, 1.2 сая ажлын байрыг бий болгодог. Жилд 440 мянган агаарын хөлөг нисдэгээс 85 хувь нь ерөнхий зориулалтын нислэг байдаг байна. Манай улсын хувьд 500 гаруй цэгт бага оврын агаарын хөлгийн хөөрч буух талбайг сонгон байгуулна. Өнгөрсөн жил нийт 61 байршлыг сонгосон бол энэ жил 50 байршлыг сонгон дэд бүтэцжүүлэхээр ажиллаж буй аж. Цахим уулзалтад АЖХТ, ИНҮТ, ЕЗНА-ны дарга удирдлага, албан хаагчдаас гадна аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо. Уулзалтын төгсгөлд оролцогчид өнөөгийн нөхцөлд аль аймгийн нутагт бага оврын ямар онгоцоор жуулчдыг тээвэрлэж болох зэрэг өөрсдийн сонирхсон асуултад хариулт авснаар өндөрлөв.

Leave a comment