Skip links

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ САЛБАРЫНХНЫГАА БҮТЭЭЛЧ АЯНД УРИАЛАВ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран Аялал жуулчлалын үндэсний чуулганыг энэ сарын 4-нд зохион байгууллаа.

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ орон нутгийн хөгжилд аялал жуулчлалын салбарынхны үүрэг оролцоо, хувь нэмэр ихээхэн нөлөөтэй болохыг онцолсон бөгөөд тус төв өнгөрсөн онд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг чадавхжуулах 6 удаагийн сургалт зохион байгуулсан. Нийт аймгуудын нутгийн иргэдийн аялал жуулчлалын талаарх мэдлэг ойлголтын судалгааг хийсэн. Мөн нийт аймгийн аялал жуулчлалын хөтөч ном, видео контентыг бүтээсэн зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ онд уг төв орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутаг дахь мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахад бэлэн гэв.

Түүний зэрэгцээ 21 аймгийн БОАЖГ-ын удирдлага болон мэргэжлийн холбоод, нийт салбарынхандаа хандаж дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хөшөө дурсгалынхаа өнгийг сэргээн засварлах, угтах үүд хаалгаа угааж өнгөлөх, туг далбаагаа шинэчлэн солих, нийтийн бие засах газруудыг стандартын дагуу шинэчлэх зэрэг бүтээлч ажлуудыг дор бүрнээ өрнүүлэх уриалгыг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс дэвшүүлж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтарч ирэх тавдугаар сард хийх “Ирлээ, явлаа, цэвэр” хоггүй аялах аянд нэгдэхийг уриалсан юм. Мөн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран ажиллах гэрээ байгуулав.

 

Leave a comment