БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төв, Герман дахь Монгол Улсын ЭСЯ, ХБНГУ-ын Баваар мужийн Эдийн засаг, эрчим хүч, хөгжлийн яам, Баваар мужийн Эдийн засгийн хөгжлийн төв хамтран энэ сарын 13-22-ны өдрүүдэд “Орон нутгийн хөгжил ба аялал жуулчлал: Герман улсын Баваар мужийн туршлагаас” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг Баваар мужаас анх удаа зохион байгуулж байгаагийн зэрэгцээ есдүгээр сарын 27-нд орон даяар тэмдэглэх Дэлхийн аялал жуулчлалын өдрийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Дэлхийн аялал жуулчлалын энэ жилийн өдрийг “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон. Өөрөөр хэлбэл, цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын сэргэлт нь хүртээмжтэй байдлыг хангасан байх ёстой хэмээн үзэж байгаа юм.
Иймд энэхүү сургалтад салбарын бодлого боловсруулагчид, орон нутгийн мэргэжилтнүүд, багш судлаачид зэрэг нийт 200 хүн хамрагдаж, Баваар мужийнхны туршлагыг сонсож, шинэлэг мэдээллээр өөрсдийгөө цэнэглэж байна. Герман улс нь аялал жуулчлалын салбарт Монголын томоохон оролцогч тал, хамтрагч бөгөөд уг сургалтын үр дүнд хоёр улсын аялал жуулчлалын салбарын байгууллагууд харилцаа холбоо тогтоон, хамтарч ажиллах боломж бүрдэх аж.